Владимир Ильич Ленин

бичсэн: mister төрөл: Алдартай хүмүүс

Оросын хувьсгалын эцэг

Оросын хувьсгалын эцэг
1917 оны Оросын хувьсгалын удирдагч, ЗХУ-ын анхны төрийн тэргүүн Владимир Ильич Ленин 1870 оны дөрөвдүгээр сарын 22-нд мэндэлжээ.

Хожим нь Ленин болсон Владимир Илич Ульянов Оросын Волга голын эрэгт байрладаг Симбирск хотод /одоогийн Ульяновск/ төрсөн байна. Боловсролтой айлын гэр бүлд өссөн Ульянов хүү дунд сургуульдаа сурлага сайтай хүүхдийн нэг байжээ. Тэрбээр сургуулиа амжилттай төгссөний дараа хуулийн чиглэлээр сурах болов. Лениний эцэг 1886 оны нэгдүгээр сард нас баржээ. Харин түүнийг 17 настай байхад буюу 1887 онд  том ах Александрыг Оросын хаан III Александрын амь насанд халдахыг завдсан хэргээр дүүжлэн хороосон байна.

Ленин бага залуугаасаа Марксизмийг сонирхдог байв. Тэрбээр Казаны их сургуульд суралцаж байсан ч улс төрийн үзлийн улмаас сургуулиасаа хөөгджээ. Гэвч түүний сурах эрмэлзэл улам бүр бадарч, би даан ном зохиол судлах болжээ. Хожим түүнийг сургуульд сурахыг зөвшөөрч, 1891 онд Санкт Петербургийн их сургуулийн хуулийн ангийг дүүргэсэн байна. Ленин Сант Петербург хотод нүүн ирснээр хувьсгалч нэгэн болжээ. Гэвч хувьсгалыг эсэргүүцэгч эрх баригчид залуу Ленинийг хувьсгалын үйл ажиллагаанд оролцсон хэмээн буруутган Санкт Петербургийн урьдчилан хорих газрын 193 дугаар өрөөнд 14 сар хоригдсоны дараа Сибирийн Шушенское тосгон руу цөлөгдсөн байна.

Тэрбээр цөллөгөнд байхдаа 1898 оны долдугаар сард Надежда Крупскаятай гэрлэжээ. Цөллөгөний хугацаа дуусахын өмнө Ленин Оросын нутгаар болон Европын орнуудаар амьдарч, лекц хийх болжээ. Энэ үед тэрбээр Юлиус Мартовтай хамтран "Искра" гэдэг сонин гаргаж, хувьсгалтай холбоотой мэдээлэл бэлтгэх болов. Ленин 1903 онд большевикуудын бүлэглэлийг нэгтгэсэн Оросын социаль демократ ажилтны нам байгуулан удирдагчаар нь ажиллажээ. Цөллөгөнд байсан тэрбээр 1905 онд Орост эргэн ирсэн ч 1907 онд Европ руу дахин цөлөгджээ. Хувьсгалын үйл ажиллагааг улс даяар сурталчилж, 1917 онд хоёрдугаар сард хувьсгал гарч, II Николай хааныг төрийн эрхнээс түлхэн унагасны дараа Ленин дөрөвдүгээр сард нь эх орондоо эргэн ирэв.

Тэрбээр ирсэн даруйдаа большевикуудын хөдөлгөөнийг удирдсан билээ. 1917 оны 11 дүгээр сарын 8-нд Ардын коммисарын зөвлөлийн даргаар Ленинийг сонгожээ. Большевикуудын шинэ Засгийн газар Оросын эдийн засгийн бодлого зэрэг олон арван үр ашигтай шинэ зүйлийг цогцлоон бүтээсэн байна. Лениний санаачилсан улс төрийн бодлогыг нас барснаас хойш ч үргэлжлүүлж байсан юм.  1918 оны нэгдүгээр сарын 14-нд Оросын аугаа удирдагч олон нийтийн өмнө үг хэлж байхад нь амь насанд халдахыг завдаж байжээ. Энэ халдлагаас улбаалсан сумны шарх болон хувьсгалын төлөө нойр хоолгүй зүтгэсэн түүний эрүүл мэнд ихээхэн муудаж, 1922 оны тавдугаар сард цус харвасан байна. Түүний биеийн баруун хэсэг бүхэлдээ мэдрэлгүй болж, улс төрд гүйцэтгэх үүрэг нь багасчээ. Тэрбээр тухайн оны 12 дугаар сард  дахин цус харваснаар улс төрийн албан тушаалаасаа огцороход хүргэсэн байна. 1923 оны гуравдугаар сард гурав дахь удаагаа цус харвасан Ленин хэвтэрт орж, ярьж чадахаа ч больжээ. Владимир Ильич Ленин 1924 оны нэгдүгээр сарын 21-нд өөд болжээ.

Ленин нас барахын өмнө Зөвлөлтийн Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Иосеф Сталиныг албан тушаалаас нь халах тухай гэрээслэлдээ дурдаж байжээ. "Сталин албан тушаалаас нь халах нь зүйтэй болов уу. Учир нь Сталин хэтэрхий бүдүүлэг зан авиртай гэж бичсэн байв. Лениний гэргий нөхрийнхөө гэрээслэлийг 1924 оны тавдугаар сард болох намын 13 дугаар их хурлаар олон нийтэд уншуулахаар өгсөн боловч тухайн үед удирдлагыг гартаа авсан Сталин, Каменев нар үүнийг дарж чадсан байна. Гэвч 1925 онд Макс Ийстман АНУ-д Лениний гэрээслэлийг анх удаа албан ёсоор нийтэлжээ. Хувьсгалын аугаа удирдагчийн шарилыг шилэн хоргонд хадгалан олон нийтэд харуулдаг байв.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: