Хятадын цагаан хэрэм

бичсэн: mister төрөл: Дэлхийн гайхамшиг
Хятадын цагаан хэрэм

Хүн төрлөхтөний түүхийн эртний аврага байгууламж болох хятадын цагаан хэрэм баригдсанаасаа хойшхи мянга гаруй жилийн

хугацаанд олон удаа засварт орж нүүр царайгаа өөрчилж шинээр уртасгаж барьж байснаар өнөөдөр нийт урт нь 3,930 бээр болжээ.
Энэхүү барилга байгууламжийн харуулын болон дохионы цамхаг, цэргийн хуаран бүхий үндсэн хэсэг нь манай эриний өмнөх 3-р зуунд Цинь Шихуанди хааны үед одоогын дүр төрхөө олж авчээ. Харгис чанга хаан хуучны уламжлалыг хатуу гараар эвдэж шинэ бүхнийг хүчээр нэвтрүүлж байв. Эртний судар номуудыг түүдэг галд шатааж үе дамжсан ван язгууртнуудын хөргийг хурааж тэдний тариачдыг харьяат иргэдээ болгож байв.

Олон сая тариачдыг гэр бүлийнх нь хамт ордон, сүм хийд барих нийслэлээ өргөжүүлэх тэрчлэн цагаан хэрэм босгох ажилд дайчлан газар тариалангийн ажлаас хөндийрүүлсэн юм. Цагаан хэрмийг умард зүгийн нүүдэлчийн омгуудын довтолгооноос хамгаалах зорилгоор барьсан гэж голдуу үздэг. Эрт дээр цагаас хятадын нутагт талын аймгууд уулгалан дайрч байсан нь үнэн боловч тэдний түрэмгийлэлээс урьдчилан сэргийлэх үүднээс хаан Цинь Шихуандигаас өмнө үед шороон далан босгосон байсан билээ. Түүний үед хятадын умарт нутагт орших омгууд тархай бутархай хүч тарамдуу байсан учир ямар нэгэн ноцтой аюул заналхийлэл байсангүй ажээ.

Хятадын удирдлага энэхүү хэрмийг дотоодыг болзошгүй түрэмгийлэлийн хамгийн хойд зах болгож дундад иргэн улсын харьяат албатуудыг хагас нүүдэлчин амьдралд шилжих , талын бүдүүлэгчүүдтэй нийлэхээс урьдчилан хамгаалах зорилгоор байгуулжээ. Шороон далан хангалттай бус учир илүү найдвартай хаалт хэрэгтэй байв. Хэрэм нь хятадын соёл иргэншилийн хийг яг таг зааглаж саяхан байлдан дагуулж нэгтгэж бий болгосон эзэнт гүрний эв нэгдлийг бататгах ёстой байлаа.

Эртний нэгэн домгоор бол унтаж байгаа Цинь Шихуанди хааны сүнс нэгэн удаа саранд очиж дэлхий руу хархад төрлөх эх орон нь болох хятадын эзэнт гүрэн нь алс тэртээгээс бяцхан цэг мэт үзэгдэж тэнгэрийн доорх улс н ямар ч хамгаалалтгүй мэт бодол төрж дотор нь харанхуйлжээ. Чухамдаа тэр агшинд эзэнт гүрнээ тойруулан хэрэм босгож зэрлэг бүдүүлэгчүүдээс нуух санаа хаанд төрсөн гэдэг. Манай эриний өмнөх 221 онд хааны зарлигаар цэргийн жанжин Мэн Тяний удирдсан 300 гаруй мянган хүчтэй арми умард хил дээр ирэв. Тэд урьд өмнө нь баригдсан байсан шороонд далангуудыг хооронд нь нийлүүлэх, хамгийн гол нь чулуу, тойпуугаар хамгаалалтын бэхлэлтүүд бүхий цоо шинэ хэрэм барих үүрэг авчээ.

Хэрэмний нилээд хэсгийг нь хүний хөл хүрээгүй уулархаг нутгуудад босгохоор заасан байв. Жанжин Мэн Тянь барихаар төлөвлөсөн хэрэмний дагуу өмнөд нутгийн замуудтай холбогдсон 34 тулгуур бааз байгуулж барилгын материал, хүнс татан авчирч байв. Тэрчилэн баазуудын ойролцоо тосгон байгуулж дайчлагдан ирсэн тариачдыг байрлуулав. Урьдын шороон даланг шинэчлэх хэрэм барих ажил нийт 25 мянган цамхаг босгох ажлаас эхлэжээ. өргөнөөрөө пирамид хэлбэртэй, 12 метр орчим өндөртэй цамхаг болгоны хэмжээ өөр, тус бүрийг өөр материалаар барьж байлаа. Цамхагуудын хоорондын зай хоёр сум нисэн хүрэх зайтай, тэднийг хооронд нь дээд талаар нь найман хүн бүхий эгнээ чөлөөтэй өнгөрөхөөр өргөнтэй, 7 метр орчим өндөртэй зузаан налуу ханаар холбосон байна.

Хэрэм барих шугамыг яаж тогтоосон бэ гэдэг асуултыг жуулчид их тавьдаг байна. Эртний домогт хятадын хаан уул даваа, хөндий талыг амархан гаталдаг цагаан зүсмийн хурдан шидэт хүлэгтэй байжээ. Хаан хүлгээ унаж ирээдүйн хилийн дагуу явжээ. Хүлэг нь таван зуун метр газар яваад л бүдэрч байсан бөгөөд хийгээд бүдэрсэн газар дээр нь цамхаг босгосон гэдэг. Цагаан хэрэм барьсан нутгийн байгаль, цаг уурын нөхцөлийг судалж үзэхэд хэрэм нь үржил шим тааруу нүүдэлчдийн умард нутаг, газар тариалан эрхэлдэг нутгийн яг зааг дээр байна гэсэн дүгнэлтийг судлаачид хийдэг. Цагаан хэрэмнээс хойшхи нутаг тэр үед хятад улсын харьялалд байгаагүй ажээ. Цагаан хэрэмийг барих ажил манай эриний өмнөх 313 онд үндсэндээ дуусчээ.

Хэрэм барих ажилд 300 мянган цэргээс гадна хэдэн зуун мянган тариачдыг дайчлан оролцуулжээ. Түүхийн урт удаан хугацаанд хятадын бусад угсааны хаад цагаан хэрэмийг улам бэхжүүлж байлаа. Харин Тань угсааны хаан Тай – Зун хэрмийг эс тоос миний генералууд илүү найдвартай цагаан хэрэм гэж үзэж хааны зөвшөөрөлгүйгээр цагаан хэрэмнээс цааш хөл тавихыг хориглосон зарлиг гаргаж байжээ. Юань угсааг үндэслэж хятадыг зуу гаруй жил захирч байсан Монголын хаад цагаан хэрмийн үүргийг бүр доошлуулсан ажээ. Ямар сайндаа л европчуудаас хамгийн түрүүнд хятадын тухай бичсэн Италийн аялагч Марк Поло замын тэмдэглэл номондоо цагаан хэрмийн тухай огт дурдаагүй байх дээ.

Гэвч он жилүүд өнгөрсөөр Монголчуудыг үлдэн хөөснөөр умард хилээ сэргээж Минь угсааны хаадын үед тус улсын хойд хил цагаан хэрмээр дахин хязгаарлагдах болов. Нийслэл хотод ойр болохоор хойд хилийг улам бэхжүүлэх зорилгоор цагаан хэрэмд тавих анхаарлаа улам нэмэгдүүлжээ. 15-р зууны үеээс Цагаан хэрмийг сэргээн засварлах ажил эхэлж хоорондоо завсарлагаатайгаар нийтдээ бараг хоёр зуун жил үргэлжилжээ. Минь угсааны Ванльи хааны үед сэргээн засварлах ажил оргилдоо хүрч харуулын бүх цамхагийг сэргээн босгож заримыг нь бүр шинэчилжээ. Хананы гадаад төрхийг өөрчилж дээд ирмэгийг шүдэн хэлбэртэй болгов.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: