Аргаль хонь
АРГАЛЬ ХОНИНЫ БАЙРШИЛ, ТОО ТОЛГОЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
Увс аймгийн нутаг дахь аргаль хонины байршил, тоо толгойг судалсан судлаачдын сүүлийн 10 жилийн судалгааны дүнг харьцуулж үзвэл тус аймагт газар зүйн хувьд 12 тасархай газар (зураг-1) 800 орчим км2 талбайд 380-700 бодгаль байгаагаас 53-83 хувь буюу 220-585 орчим аргаль хонь улсын хил орчмын 5 газар буюу Сагил сумын Цагаан гол, Цагаан Шувуут Бөхмөрөн сумын Хүрэмт, Ацат хар, Гүн сайр гэсэн нутагт 453-772 км2 талбайд (Зураг-1-д тэмдэглэгдсэн 1, 2, 3, 4, 5 гэсэн газрууд) байршдаг. Тиймээс хил орчмын аргаль хонины амьдрах орчныг хадгалах, зохистой ашиглах, хамгаалах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм. Судлаачид Сагил сумын Цагаан гол, Бөхмөрөн сумын Ямаатын Цагаан салаа орчимд ихэвчлэн угалз, Хөх сай, Гүн сай орчимд хомь байнгын байршдаг бөгөөд тэдгээр даваа, хөндийгээр тусгаарлагдсан нутгийн хооронд шилжин байршдаг гэж урьдчлан таамагласан байдаг.