Олимп хот дахь Зевсийн хөшөө

бичсэн: mister төрөл: Дэлхийн гайхамшиг

Эртний Эллада улсын хамгийн ариун нутаг дэвсгэр нь Олимп хот байжээ. Энэ хотод ганц ч грек бие

биен рүүгээ илд далайж заналхийлж байгаагүй ажээ. Гагцхүү Спарт ганц удаа илд барьж хотод хөлөө тавьсан төдийд иргэдиин дургүйцлийг төрүүлсний учир бөөн торгууль төлж байв. Олимп хот бол грекийн олон омгуудын тамирчид төдийгүй зураач, эрдэмтэд, яруу найрагчдын шудрага уралдаан тэмцээн зохиодог талбар байжээ.

Элида, Писа хотууд, аль нь Олимп хотыг үндэслэсэн болон хэн нь Олимпийн наадмыг хариуцан зохион явуулах талаар удтал маргалдаж байлаа. Нэгэн домгоор бол Авгийг ялснаа тэмдэглэж Геракл баатар Олимпийн наадмыг үндэслэсэн, нөгөө домгоор бол Тантал хааны хүү Пелоп хаан Эномайг ялж олимпийн наадам анх зохиосон гэдэг. Ер нь бол манай эриний өмнөх 17-16-p зуунд Олимп хотын уран барилгын цогцолбор үндсэндээ байгуулагдсан байлаа. Хот даяар Олимпийн наадамд түрүүлэгчдийн болон грек улсын төлөө гавъяа байгуулсан яруу найрагч, хөгжимчин, цэргийн жанжин, төрийн зүтгэлтэн, жирийн дайчдын гантиган болон хүрэл хөшөө, баримал сүндэрлүүлэн босгосон байлаа.

Грекчүүдийн мянган жилийн туршид бүтээсэн уран барилгын хосгүй их дурсгалыг манай эриний 395 онд готууд түйвээж үлдсэнийг нь нэгдүгээр Феодосий хааны зарлигаар шашны тэрс үзэлтнүүд нурааж хүн төрөлхтөнд их гай тарьсан юм. Готууд, дараа нь ромчууд эзлэн түрэмгийлсний дараа багагүй үнэт эрдэнэс байсныг нь хэдэн зуун жилийн туршид тонож зөөсөөр бүрмөсөн цөлмөж дуусгасан байна. Зевсийн сүм бол Олимп хотын нутаг дэвсгэр дээрх хамгийн том балгас юм. Энэ сүмийг манай эриний өмнөх 468 - 456 онуудад уран барилгач Либон Элидский бүтээжээ. Энэ сүмийг бүрдүүлэгч гурван хэсгийн хамгийн том нь болох Төв танхимын голд нь улаан боржин шалан дээр суурилуулсан цагаан гантиган тавцан дээр Зевсийн хөшөөний хар хавтан байдаг.

Манай эриний өмнөх Ү зууны гучаад оны үед Элида хотын иргэд алдарт уран барилгач Фидийг Зевсийн хөшөөг бүтээлгэхээр урьжээ. Сүмд ирсэн хүн бүр Зевсийн хөшөөний асар томыг бишрэн алмайрдаг байжээ. Александрийн яруу найрагч Каллимахын бичиж үлдээснээр хөшөөний өндөр 37,5 стоп, хаан суудлын өндөр 30 стоп, суурийн өндөр 3 стоп байсан ажээ. Өнөөгийн хэмжээгээр 12,5 метр өндөр хөшөө байжээ. Зевсийн хувцас, үсийг алтаар, биеийн ил гарсан хэсгүүдийг зааны ясаар, хаан суудлыг хар мод, үнэт чулуу шигтгэсэн хуш модоор урласан байна. Хөшөөний суурийг модоор зорж хийгээд зааны яс, алтаар бүржээ. Хаан суудлыг эллиний домог, бодит хүмүүсийн үйл ажиллагааны дүрсээр чимсэн байна.

Уран илтгэгч, гүн ухаантан Дион Хрисост хөшөөг бахархан бичихдээ "Фидий энэ хөшөөг атаархам өндөр ур чадвар, хосгүй ухаан гарган бүтээжээ. Амьдралдаа баршгүй зовлон зүдгүүр үзэж сэтгэлээр унасан хүн явж байгаад энэ хөшөөг "санамсаргүй" хараад уулга алдаж учирсан зовлон зүдгүүрээ умартана. Ертөнцөд гайхамшигт уран баримал цөөнгүй бий, гэхдээ Фидийн алт, зааны ясаар бүтээсэн Зевсийн хөшөө бүгдийг ардаа орхино." гэж шагшин магтжээ.

Грекчүүдийн хувьд Зевсийн хөшөө асар том хэмжээтэй, зааны яс, алтаар бүтсэн шүтээн төдийгүй чухамдаа бүдүүлэг Персийг дийлсэн Элладийн хүчирхэг сүр хүчний билэгдэл байсан ажээ. Фидийн туурвисан хөшөөнд толгойдоо олимпийн тоглолтын ялагчийн титэм өмссөн Зевс өндөр түшлэгтэй хаан суудалд заларсан байна. Түүний зүүн мөрнөөс алтан навчаар чимэглэсэн нөмрөг нь өвдөг нь хүртэл унжжээ. Баруун гартаа ялалтын бурхан Никийн баримал, зүүн гартаа оройд нь ариун бүргэд залсан хааны очирт таяг барьжээ.

Хаан суудлын тохойлуурыг хүн толгойтой хоёр арслан түшлэгийг баяр хөөр, эмэгтэй хүний гоо сайхны эм бурхан Харит, жилийн дөрвөн улирлын Ор эм бурхны тус бүр гурван дүрс, хаан суудлын дөрвөн хөл тус бүрийг ялалтын эм бурхан Ник бурхны дүрсээр чимэглэжээ. Тэрчилэн бүдүүлэгчүүдийг дийлсэн грекчүүдийн тулалдааны явц, ялалтын билэгдэл, Геракл, Тесей нарын гавьяаг мөн дүрсээр үзүүлсэн байна. Хаан суудлын сууринд зэрлэг омгийнхонтой хийсэн тулалдааны дүрс сийлжээ. Хаан суудлыг мөн тэр үеийн олимпийн наадмын найман төрлийг билэгдэж найман ялагчийн дүрсээр мөн чимэглэжээ.

Хожим нь Зевсийн хөшөөг Константинополь хотод зөөж аваачжээ. Грекийн бурхны энэхүү хосгүй бүтээлийг байлдан дагуулагчид ч шүтэн биширч нурааж зүрхлээгүй юм. Гэвч харамсалтай нь Ү зуунд Ромын хааны ордон түймэрт өртөхөд Фидийн хосгүй бүтээл шатсан билээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: